АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ХҮНСНИЙ НАРИЙН НОГООНЫ ТӨСЛИЙН СУДАЛГААНЫ БАРИМТ БИЧГИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХОД ТУСАЛЛАА

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ХҮНСНИЙ НАРИЙН НОГООНЫ ТӨСЛИЙН СУДАЛГААНЫ БАРИМТ БИЧГИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХОД ТУСАЛЛАА

        Азийн хөгжлийн банкны Монгол улсын баруун бүсэд нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагааг дэмжих төслийн хүрээнд “Эконобэ индастри” ХХК-ний хүнсний нарийн ногооны тариалалтын “Нарлаг хүлэмж” төслийн хөрөнгө оруулалт, зах зээлийн судалгааг боловсрууллаа. Тус судалгааны тайланг “Эконобэ индастри” ХХК болон Говь-Алтай аймгийн худалдаа, аж үйлдвэрийн танхимд хүлээлгэн өгсөн.

       Хэдийгээр иргэд хүнсний ногоог өргөн хэрэглэж байгаа боловч Монгол улсын нэг хүнд ногдох хүнсний ногооны хэрэглээ нь дэлхийн жишгээс доогуур хэвээр байна. НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас тогтоосон физиологийн нормын дагуу нэг хүн жилд 75 кг хүнсний ногоо хэрэглэх ёстой байдаг. Харин энэ үзүүлэлт Монгол хүний хувьд 39.1 кг буюу зохих хэмжээний 52%-тай тэнцэж байна. Орон нутагт энэ төрлийн ногоо, жимсний тариалалт сайн хөгжөөгүй, өрхийн хэрэглээний түвшинд цөөн газар тариалдаг тул иргэдийн хүнсний хэрэглээний дийлэнх хэсгийг гадаадаас импортолсон ногоогоор хангадаг. Импортын бүтээгдэхүүн нь удаан хадгалах зориулалттай байдаг тул янз бүрийн бодис түрхлэгтэй, алс хол зайд тээвэрлэлт хийдэг тул чанар байдлаа алддаг зэргээс хүний биед сөрөг нөлөөлөл үүсгэдэг байна. Үүний дээр баруун бүс нутагт эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлж, мал аж ахуйн болон газар тариалангийн гарцыг сайжруулах шаардлагатай байгаа юм. Энэ бүх асуудлыг шийдвэрлэх эхний чухал алхам нь баруун бүсийн аймгуудын хоорондын нягт хамтын ажиллагаа, судалгаан дээр тулгуурласан төлөвлөлт, стратеги юм.

Төслийн хүрээнд “Эконобэ индастри” ХХК-ний эзэмшлийн, Есөнбулаг сумд байрлах 2 га газарт эхний ээлжид 6 хүлэмжийг үе шаттайгаар барьж, хүнсний өргөн хэрэглээний 4 төрлийн нарийн ногоо (өргөст хэмх, улаан лооль, чинжүү, бусад нарийн ногоо ) болон 4 төрлийн жимсгэнийг (хармаг, аньс, нэрс, үхрийн нүд) тариалахаар төлөвлөж байна. Байгалийн зэрлэг амин дэм ашиг тустай жимс жимсгэнийг тариалж, экспортлох боломжийн судалгааг хийж, хүлэмжид тарих жимсийг тодорхойлон, туршилтаар тарьж, үйлдвэрлэх бүтээгдэхүүний боловсруулалтыг ирэх 5 жилд хийж гүйцэтгэнэ. Цаашид компанийн эзэмшлийн 2 га газрыг өргөжүүлэн нэмж 14 га газрыг аймгийн захиргаанаас агропаркийн зориулалтаар хөгжүүлэхээр төлөвлөсөн талбайд авч, нэмж 24 хүлэмж барих юм. Ингэснээр баруун бүсийн аймгууд болон зэргэлдээх Баянхонгор аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн хүнсний ногооны эрэлтийг хангахад чухал хувь нэмэр үзүүлэх юм. Төслийн нийт өртөг 1.2 тэрбум төгрөг бөгөөд хувийн салбарын санхүүжилтээр хийгдэхээр төлөвлөж байна.

Монгол улсын баруун бүсэд нэмүү өртөг шингэсэн үйл ажиллагааг дэмжих төсөл нь 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сард хаагдана. Тус төслөөр дамжуулан Азийн хөгжлийн банкнаас Монгол улсын Засгийн газарт баруун бүсэд нэмүү өртөг шингэсэн хувийн салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх стратеги боловсруулж, орон нутгийн төрийн болон хувийн салбарын оролцогчдыг сургалт, хүчин чадавхыг сургалт, техникийн зөвлөгөөгөөр дэмжиж ажиллаж байна. 2017 оны 5 дугаар сараас эхлэн хоёр сарын хугацаатай баруун бүсийн аймгуудад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээс бизнес төлөвлөгөөний санал хүлээн авснаас 5 төслийг сонгон шалгаруулж, төслийн баг хөрөнгө оруулалт, зах зээлийн иж бүрэн судалгааг боловсруулж өгсөн юм.

 

Говь-Алтай аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим

Хариулт үлдээх

Close Menu